ИРГЭДИЙН АНХААРАЛД: СЭРЭМЖЛҮҮЛЭГ!

ИРГЭДИЙН АНХААРАЛД: СЭРЭМЖЛҮҮЛЭГ!

113

2017.6.21

2017 оны 6 дугаар сарын 20-ны оройн 21.00 цагийн үед Брюсселийн галт тэрэгний төв буудалд  (Bruxelles-Central/Brussel-Centraal) бөмбөг дэлбэлэх оролдлого хийснийг орон нутгийн цэрэг, цагдаагийн хүчин таслан зогсоосон байна. Сэжигтэн галт тэрэгний буудалд тэсрэх бодис бүхий үүргэвчтэй орж, олон нийтийн талбайд дэлбэлэх гэж байхад нь зэвсэгт цагдаагийн ажилтнууд гал нээн саармагжуулжээ.

Уг халдлага ганцаарчилсан үйлдэл биш байж магадгүй гэсэн таамаглал байсан учир Брюсселийн төв талбай (La Grand-Place / Grote Markt) болон жуулчдын очдог бусад газруудыг хааж, үйлчилгээний цэгүүдийн үйл ажиллагааг зогсоосон байна. Сэжигтний үйлдлийг таслан зогсоох ажиллагааны явцад галт тэрэгний буудал дотор дэлбэрэлт болсон, гэхдээ үүнд нь энгийн ард иргэд өртөөгүй аж.

Бельгийн цэрэг, цагдаагийн байгууллага нөхцөл байдлыг бүрэн хяналтад авсан гэж мэдэгдсэн боловч аялал жуулчлалын улирал эхэлсэнтэй холбогдуулан төв талбай болон зах дэлгүүр, олон нийт цугларах бусад газруудад аюулгүй байдлыг чангатгасан арга хэмжээ авч болзошгүй байна.

Бельги дэх терроризмын нөхцөл байдал бодит аюулын буюу 3 дугаар түвшинд хэвээрээ, болзошгүй халдлагаас урьдчилан сэргийлэх зорилго бүхий цагдаа, аюулаас хамгаалах хүчний нэгжлэг, баривчилгаа газар сайгүй явагдаж болзошгүй болсон энэ нөхцөлд тус ЭСЯ-наас өөрийн иргэдэд сонор сэрэмжтэй байж, Бельгийн төр, засгийн байгууллагуудаас гаргаж буй аюулгүй байдлын зааврыг дагаж мөрдөхийг дахин сануулж байна.

Мөн баривчилгаа, нэгжлэгтэй таарсан тохиолдолд зураг авах, бичлэг хийх, цагдаагийн тусгай ажиллагааны талаар нийгмийн сүлжээнд мэдээ оруулах, тайлбар хийхээс зайлсхийх ёстойг анхаарна уу.

Бельгийн Дотоод хэргийн Холбооны албаны (du SPF Intérieur) Хямралтай тэмцэх төвийн  (Centre de crise) албан ёсны веб хуудас: http://crisiscentrum.be/fr

Тус төвийн жиргээ хаяг: @CrisiscenterBE

ЭСЯ-ны утас:

+32 2 344 6974

+32 2 3400643

+32 2 340 0641

ЭСЯ-ны веб хуудас:

www.embmongolie.be