ЕВРОПЫН ХОЛБОО МОНГОЛ УЛСАД ДИПЛОМАТ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗРАА НЭЭХЭЭР БОЛЛОО

ЕВРОПЫН ХОЛБОО МОНГОЛ УЛСАД ДИПЛОМАТ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗРАА НЭЭХЭЭР БОЛЛОО

62

2017.7.21

Европын Холбоо Монгол Улсад Дипломат төлөөлөгчийн газар байгуулах шийдвэрийг 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдөр албан ёсоор гаргав. Ингэснээр Европын Холбоо дэлхийн 140 оронд дипломат төлөөлөлтэй болох юм.

Европын Комиссын Ерөнхийлөгч Жан-Клод Юнкер уг шийдвэрт гарын үсэг зурсныхаа дараа хэлсэн үгэндээ “Хятад, Оросын дунд орших стратегийн байршилтай, бидний чухал түнш, ардчилсан Монгол Улсад бүрэн хэмжээний Дипломат төлөөлөгчийн газар байгуулах амлалтаа Европын Холбоо биелүүлж байна. Би Монгол Улсад анх 1998, сүүлд 2016 онд, нийтдээ 3 удаа айлчилсан. Энэ орны хийсэн дэвшил, хүрсэн амжилтад баяр хүргэхээс өөр аргагүй, Европын Холбоо энд байнгын төлөөлөлтэй байх ёстой” гэж дурджээ.

Европын Холбооны Гадаад бодлого, Аюулгүй байдлын Дээд төлөөлөгч Ф.Могерини “Монгол Улс геостратегийн онцгой байрлалтай тул ээдрээтэй харилцаа бүхий тус бүс нутагт чухал үүрэгтэй. Манай Байнгын төлөөлөгчийн газар нь Монгол Улстай харилцаагаа бэхжүүлэх, ард түмнийг дэмжихэд чиглэсэн Европын Холбооны хөрөнгө оруулалт болно. Европын Холбооны зүгээс Монгол Улстай байгуулсан Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээрийг ойрын үед хүчин төгөлдөр болгоно. Энэ нь хоёр талын харилцааг хөгжүүлэхэд чухал ач холбогдол өгч байгаагийн илрэл юм” хэмээн мэдэгдэв.

Монгол Улсад Дипломат төлөөлөгчийн газар байгуулах тухай тус шийдвэр нь Европын Холбоо, Монгол Улсын хоёр талын харилцаанд гарсан томоохон дэвшил бөгөөд Улаанбаатарт Европын Холбооны бүрэн хэмжээний Төлөөлөгчийн газар байгуулснаар талууд улс төрийн яриа хэлэлцээ, хамтын ажиллагааг урагшлуулж, түншлэлийн харилцааг цаашид бэхжүүлэх боломжийг нэмэгдүүлэх юм.