БЕЛЬГИЙН ВАНТ УЛСЫН ГЕНТ ХОТНОО ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БУЙ 72 ДАХЬ УДААГИЙН “FLANDERS...

БЕЛЬГИЙН ВАНТ УЛСЫН ГЕНТ ХОТНОО ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БУЙ 72 ДАХЬ УДААГИЙН “FLANDERS EXPO” ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДААНД ОРОЛЦОЖ БАЙНА

1122

2017.9.18

Бельгийн Вант Улсын Гент хотод 1946 оноос хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулагдаж буй 72 дахь удаагийн Олон улсын үзэсгэлэн худалдаанд манай улсаас ноос, ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Говь ХХК, “Бодио” брэнд гаргадаг Баялаг Өлзий ХХК тус тус оролцож байна. Тус арга хэмжээ нь энэ оны 9 дүгээр сарын 16-наас 24-нийг дуустал үргэлжилнэ.

Gobi pavilion02

Манай улсын томоохон компаниудын төлөөлөл энэ онд анх удаа энэхүү үзэсгэлэнд оролцож байгаа нь манай улсын дотоодын үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүнийг Европын хэрэглэгчдэд таниулах, бусад улсын компаниудтай хамтын ажиллагаа тогтоох, манай улсаас Европын Холбоо руу гаргаж буй экспортын хэмжээг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Түүнчлэн манай улс Европын холбооны “GSP+” хөнгөлөлтийн хүрээнд 7200 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг Европын Холбооны гишүүн орнууд руу гаалийн татваргүй экспортлох эрхтэй бөгөөд энэ төрлийн арга хэмжээ нь энэхүү хөнгөлөлтийг бүрэн дүүрэн ашиглахад түлхэц үзүүлэх юм.

Энэ удаагийн үзэсгэлэнд нийт 200 гаруй компани өөрсдийн бараа бүтээгдэхүүнийг сурталчлан оролцож байна. Түүнчлэн зохион байгуулагч талаас жил бүр нэг улсыг Зочин улсаар урьж оролцуулдаг бөгөөд энэ хугацаанд нийт 50 гаруй улс зочин улсаар оролцоод байна. Зочин улс нь талбайн түрээс, тохижуулалтад зориулж ойролцоогоор 200,000 еврогийн зардал гаргадаг.

Энэхүү арга хэмжээ нь Бельгийн голланд хэлээр ярьдаг Фламанд мужид зохиогддог нэр хүндтэй томоохон арга хэмжээ бөгөөд дунджаар 80,000 хүн ирж үздэг байна. Арга хэмжээний нээлтийн ажиллагаанд Бельгийн Хааны ордон, холбогдох яам, орон нутгийн захиргааны төлөөлөл, Элчин сайд нар, бизнес эрхлэгчид оролцдог.