МОНГОЛ УЛС ЕВРОПЫН ХОЛБОО, АРГЕНТИНТЭЙ ХАМТРАН “ЦААЗААР АВАХ БОЛОН ЭРҮҮДЭН ШҮҮХЭД АШИГЛАДАГ...

МОНГОЛ УЛС ЕВРОПЫН ХОЛБОО, АРГЕНТИНТЭЙ ХАМТРАН “ЦААЗААР АВАХ БОЛОН ЭРҮҮДЭН ШҮҮХЭД АШИГЛАДАГ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ХУДАЛДААГ ХОРИГЛОХ ДЭЛХИЙ НИЙТИЙН ХОЛБОО” САНААЧИЛГЫН НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

25

2017.9.19

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 72 дугаар чуулганы үеэр 9 дүгээр сарын 18-ны өдөр НҮБ-ын төв байранд Европын Холбоо, Аргентин, Монгол Улс “Цаазаар авах болон эрүүдэн шүүхэд ашигладаг бүтээгдэхүүний худалдааг хориглох Дэлхий нийтийн холбоо” санаачилгын нээлтийн арга хэмжээг хамтран зохион байгууллаа.

Энэхүү санаачилгын зорилго нь цаазаар авах болон эрүүдэн шүүхэд ашигладаг бүтээгдэхүүний худалдааг хориглох асуудлаар олон нийтэд мэдээлэл түгээх, улс орнуудын эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, харилцан туршлага солилцох, мэдээлэл, харилцааны сүлжээ үүсгэх, хувийн хэвшил, иргэний нийгмийг татан оролцуулахад оршиж байгаа ажээ.

Нээлтийн арга хэмжээний үеэр уг санаачилгад нэгдэн орсон 58 улс цаазаар авах болон эрүүдэн шүүхэд ашигладаг бүтээгдэхүүний худалдааг хориглох үйл хэргийн төлөө ажиллах хүсэл эрмэлзлээ илэрхийлсэн агуулга бүхий Улс төрийн тунхаглалд гарын үсэг зурав.

Гадаад харилцааны сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Мөнх-Оргил арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ Монгол Улс Цаазаар авах ялыг оноож, гүйцэтгэхийг халсныг дурдан, дээрх санаачилга нь хүний эрхийг хангах, хамгаалахад чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэж буйгаа илэрхийлэв.

Эх сурвалж

Гадаад харилцааны яам