МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРАЛ, ЕВРОПЫН ПАРЛАМЕНТ ХООРОНДЫН XII УУЛЗАЛТААР ХАМТАРСАН МЭДЭГДЭЛ ГАРГАЛАА

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРАЛ, ЕВРОПЫН ПАРЛАМЕНТ ХООРОНДЫН XII УУЛЗАЛТААР ХАМТАРСАН МЭДЭГДЭЛ ГАРГАЛАА

20

2018.9.20

Монгол Улсын Их Хурал, Европын парламент хоорондын XII уулзалтад оролцохоор Европын парламентын гишүүн, Европын парламент дахь Төв Ази, Монголтой харилцах бүлгийн дарга, хатагтай Ивета Григуле тэргүүтэй төлөөлөгчид манай улсад өнөөдөр (2018.09.20) ирээд байгаа юм.

Үдээс өмнө төлөөлөгчдийг Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд хүлээн авч уулзсан.

Үдээс хойш УИХ дахь Монгол-Европын парламенттай харилцах бүлгийн гишүүд төлөөлөгчидтэй уулзалт хийлээ.

67dd89c7-2bab-48da-bbf3-b5fb81d91f93

Уулзалтад УИХ-ын гишүүн, Монгол-Европын парламенттай харилцах бүлгийн дарга Н.Оюундарь, гишүүн Л.Болд, Г.Тэмүүлэн, Н.Учрал, Б.Ундармаа болон Монгол Улсаас Бельгийн Вант Улсад суугаа Элчин сайд О.Оч, Гадаад харилцааны яамны Европын газрын захирал М.Цэнгэг, УИХ-ын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтсийн ажилтнууд, түүнчлэн төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд багтсан Европын парламентын гишүүн Херберт Дорфманн (Итали), Хелга Стивенс (Бельги), ВульфКлинз (Герман), Мирославс Митрофановс (Латви) зэрэг төлөөлөгчид оролцов.

Уулзалтаар Монгол Улсын улстөрийн болон төрийн албаны тогтвортой байдал, хүний эрхийн төлөв байдлын талаар харилцан санал солилцож, ярилцлага өрнүүлсэн юм.

Уулзалтын талаар УИХ-ын гишүүн, Монгол-Европын парламенттай харилцах бүлгийн дарга Н.Оюундарь “Сүүлийн үед манай улсын улстөрийн хүрээнд болж байгаа үйл явдлууд, эдийн засгийн өөрчлөлт, хүний эрхтэй холбоотой асуудлаар төлөөлөгчид сонирхож, энэ сэдвүүдээр өргөн хэмжээний яриа өрнүүлсэн уулзалт боллоо. Мөн энэхүү уулзалтаар талуудын эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтыг идэвхжүүлэх чиглэлээр ярилцлаа гэв.

Энэхүү уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн, Монгол-Европын парламенттай харилцах бүлгийн дарга Н.Оюундарь хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчдэд өгсөн мэдээлэлдээ,

-Монгол Улсын Их Хурал, Европын парламент хоорондын энхүү XII уулзалтаар хоёр тал цөөнгүй чухал асуудлыг шийдвэрлэх чиглэлд санал нэгдэж байна.

Үүнийг нэг нь Европын парламенттай харилцах таван улсын бүлгийн нэгд багтдаг манай улс энэхүү уулзалтын үр дүнд биеэ даасан байдлаар Европын парламенттай харилцах боломж бүрдэх болов уу. Яагаад гэвэл энэ асуудлаар хоёр тал адилхан саналтай байна. Ингэснээр Европын холбооны улсуудаас эдийн засаг, нийгэмд чиглэсэн хөрөнгө оруулалт татах, европын орнуудад монгол иргэд визгүй зорчих, хөнгөлөлт эдлэх зэрэг олон асуудалд Европын парламентын дэмжлэгийг авах боломжтой болно.

Мөн Европын холбооноос хүний эрхийг дээдэлдэг, хөдөлмөрийн суурь эрхүүдийг хангасан “тогтвортой хөгжил, сайн засаглал”-тай хөгжиж буй улс орнуудыг урамшуулж, 7200 нэр төрлийн барааг гаалийн татваргүйгээр европын зах зээлд гаргах эрхийг нээж өгсөн байдаг. Энэ эрхийг эдэлдэг улс орнуудын нэг нь Монгол Улс ч Европын холбооноос тавьж буй бараа бүтээгдэхүүнийг чанар, стандартын гэрчилгээтэй болгох зэрэг асуудлаас болж экспортод гаргаж буй бүтээгдэхүүний нэр төрөл ноос, ноолуур, зарим нэг оёмол бүтээгдэхүүнээс хэтрэхгүй байна. Тиймээс энэ тулгамдсан асуудлыг шийдвэрлэх асуудлыг энэхүү уулзалтаар ярилцаж, тодорхой шийдэлд хүрэх зорилготой байна гэлээ.

827fe3c7-9660-487d-9d03-cc6ac85db11b

Харин Европын парламентын гишүүн, Европын парламент дахь Төв Ази, Монголтой харилцах бүлгийн дарга, хатагтай Ивета Григуле,

-Уулзалтын үеэр яригдах олон чухал сэдвүүдэд эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны чиглэл томоохон байр суурь эзэлж байна. Хэдийгээр өнгөрсөн хугацаанд хоёр талаасаа эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг өргөжүүлэх сонирхолтой байсан ч хангалттай үр дүнд хүрч чадахгүй байгаа. Үүний шалтгааныг тодорхойлж, цаашдаа ямар арга хэмжээ авах вэ гэдгийг ярилцаж байна.

Европын холбооноос баталсны дагуу европын зах зээлд 7200 нэр төрлийн бүтээгдэхүүнийг Монгол Улсаас татваргүйгээр гаргах нь нээлттэй ч экспортын бүтээгдэхүүний чанар, стандартаас шалтгаалж үр дүнд хүрдэггүй. Тиймээс энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар ярилцаж, шийдлүүдийг гаргаж ирнэ гэсэн бодолтой байна гэв.

defc7ade-15fe-4ac7-b7f6-0fe55c51d244

Ийнхүү Монгол Улсын Их Хурал, Европын парламент хоорондын XII уулзалт өндөрлөж, УИХ-ын гишүүн, Монгол-Европын парламенттай харилцах бүлгийн дарга Н.Оюундарь, Европын парламентын гишүүн, Европын парламент дахь Төв Ази, Монголтой харилцах бүлгийн дарга Ивета Григуле нар Хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.