“ӨВЛИЙН ГАЙХАМШИГ” АРГА ХЭМЖЭЭТЭЙ ХОЛБОГДУУЛАН БРЮССЕЛЬ ХОТЫН ЗАХИРГААНААС ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ ЗОХИОН...

“ӨВЛИЙН ГАЙХАМШИГ” АРГА ХЭМЖЭЭТЭЙ ХОЛБОГДУУЛАН БРЮССЕЛЬ ХОТЫН ЗАХИРГААНААС ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАВ

616

2017.11.7

Брюссель хотын Захиргаанаас Зул сарын баярыг тохиолдуулан жил бүр зохион байгуулдаг “Өвлийн гайхамшиг” арга хэмжээтэй холбогдуулан энэ оны 11 дүгээр сарын 7-ний өдөр хэвлэлийн бага хурал зохион байгуулав. Тус хэвлэлийн бага хуралд Брюссель хотын Захирагч Филипп Клоз болон Монгол Улсаас Бельгийн Вант Улсад суугаа Элчин сайд О.Оч нар оролцов.

Брюссель хотын Захирагч Филипп Клоз энэ жил Монгол Улс зочин улсаар оролцох болсныг албан ёсоор зарлаж, улмаар энэхүү арга хэмжээ нь хоёр улсын харилцааг хөгжүүлэх, иргэд хоорондын солилцоог нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ болно гэж итгэж байгаагаа илэрхийлэв.

Элчин сайд О.Оч өөрийн улсын талаар болон тус арга хэмжээний үеэр байгуулагдах арга хэмжээнүүдийн талаар мэдээлэл хийв.

Энэхүү арга хэмжээ нь 11 дүгээр сарын 24-нөөс 12 дугаар сарын 31-ний хооронд бүтэн 5 долоо хоногийн хугацаанд болох бөгөөд манай улс Брюссель хотын төв талбайд өөрийн хотхоноо байгуулж, өөрийн улсыг сурталчлан таниулж, үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнээ сурталчилж, урлаг соёлын арга хэмжээ зохион байгуулах юм.

Тус арга хэмжээнд манай улсаас Говь, Дархан нэхий, Модэрн номадс зэрэг томоохон компаниуд болон жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид оролцохоор төлөвлөж байна. Түүнчлэн Хан богд, Хөх монгол зэрэг язгуур урлагийн хамтлаг ирж, тоглолт хийнэ. Мөн Бельги, Нидерландад ажиллаж амьдарч буй зураач, барималч зэрэг уран бүтээлчдийн үзэсгэлэнг гаргахаар төлөвлөж байна.

Түүнчлэн энэхүү арга хэмжээний хүрээнд Бельгийн RTL радио сувгийн нэг сэтгүүлчийг 11 дүгээр сарын эхээр Монгол явуулж, улмаар монголын тухай нэвтрүүлэг бэлтгэн радиогоор цацах юм.

Ийнхүү энэхүү арга хэмжээнд манай улс Зочин улсаар оролцсоноор манай улсын талаарх Бельгийн ард иргэдийн ойлголтыг нэмэгдүүлэх, улс орноо эерэгээр сурталчлах, улмаар Монгол руу аялах жуулчдын тоог нэмэгдүүлэх ач холбогдолтой юм. Түүнчлэн манай улсаас Европын Холбооны зах зээл рүү гарч буй бараа бүтээгдэхүүний хэмжээг нэмэгдүүлэхэд тодорхой түлхэц үзүүлнэ гэж үзэж байна.

DSC05780lklklkl

Хэвлэлийн бага хурлын өмнө Элчин сайд О.Оч Брюссель хотын Захирагч Филипп Клозтой уулзаж, Брюссель хотын бэлэг тэмдэг болох “Manneken-Pis” хэмээх шээж буй хүүхдийн хөшөөнд энэ оны 11 дүгээр сарын 25, 26-ны өдрүүдэд Монгол дээл өмсүүлэхээр тогтов.