МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА ЕВРОПЫН ХОЛБООНЫ ОЛОН УЛСЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА, ХӨГЖЛИЙН АСУУДАЛ...

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА ЕВРОПЫН ХОЛБООНЫ ОЛОН УЛСЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА, ХӨГЖЛИЙН АСУУДАЛ ХАРИУЦСАН КОМИССАР НЕВЕН МИМИЦАГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

20

2018.11.12

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Европын холбооны Олон улсын хамтын ажиллагаа, хөгжлийн асуудал хариуцсан комиссар Невен Мимицаг хүлээн авч уулзлаа.

OTGO7006

Уулзалтын эхэнд, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ноён Невен Мимицаг Монгол Улсад тавтай морилохыг хүсээд, хамтын ажиллагааны 30 жилийн ойн өмнө Европын холбоо манай улсад төлөөлөгчийн газраа нээх гэж буйд талархал илэрхийллээ. Мөн өнгөрсөн хугацааны хамтын ажиллагаа, тусламж дэмжлэг нь үр ашигтай байсныг дурдаж, Европын холбооны төлөөлөгчийн газар нээгдсэнээр харилцан ашигтай хамтын ажиллагаа, төсөл хөтөлбөрүүд хэрэгжинэ гэдэгт итгэлтэй байгаагаа онцлов.

Мөн ноён Невен Мимица төлөөлөгчийн газар нээгдсэнээр Монгол Улс-Европын холбооны түншлэл сайжирч, бүх түвшний харилцаагаа илүү сайжруулна гэдэгт итгэл төгс байгаа хэмээв. Мөн тэрбээр айлчлалынхаа хугацаанд 2015 оны зургадугаар сарын 3-нд байгуулсан Хөгжлийн хамтын ажиллагааны санамж бичигт дурдсан асуудлыг бодит ажил хэрэг болгох, явцтай нь танилцах зэрэг ажлаар ирснээ хэлээд, Европын холбооноос Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалт татах, ажлын байр нэмэгдүүлэхэд чиглэн үе шаттай олгож байгаа буцалтгүй тусламжийг илүү үр ашигтай болгох талаар мөн ярилцлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсад олгож байгаа зээл, тусламж нь улсын хөгжилд тодорхой эерэг нөлөө үзүүлж байгаа хэдий ч Европын холбооны улсуудаас технологийг нь суралцах, тэр дундаа хөдөө, аж ахуйн технологи нэвтрүүлэхийг илүүд үзэж  цаашдаа тусламж, зээл гэхээс илүүтэй харилцан ашигтай хамтын ажиллагааг эрхэмлэж буйгаа илэрхийлж, энэ төрлийн бодитой хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны асуудлаар дэлгэрэнгүй ярилцаж, санал солилцов.

ЕТГ-ын ХМА