ЭЛЧИН САЙД О.ОЧ ХЗХБ-ЫН ГИШҮҮН ОРНУУДЫН БАГА ХУРЛЫН 22 ДУГААР ЧУУЛГАНД ОРОЛЦОВ

ЭЛЧИН САЙД О.ОЧ ХЗХБ-ЫН ГИШҮҮН ОРНУУДЫН БАГА ХУРЛЫН 22 ДУГААР ЧУУЛГАНД ОРОЛЦОВ

14

2017.11.29

Химийн зэвсгийг хориглох байгууллага (ХЗХБ)-ын гишүүн орнуудын Бага хурлын 22 дугаар чуулган Нидерландын Вант Улсын Гааг хотноо 2017 оны 11 дүгээр сарын 27-ноос 12 дугаар сарын 1-ний өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Чуулганд гишүүн орнуудын төлөөлөгчдаас гадна олон улсын засгийн газар хоорондын болон 66 төрийн бус байгууллагууд оролцож байна.

Монгол Улсаас ХЗХБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Элчин сайд О.Оч чуулганы хоёр дахь өдөр чуулганы ерөнхий шүүмжлэл дээр хэлсэн үгэндээ “Химийн зэвсгийг хориглох конвенц (ХЗХК)-ийн хэрэгжилтийг бүрэн хангахын ач холбогдол, ХЗХБ-ын амжилттай хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар дурьдаад гэхдээ химийн зэвсгийн аюул занал бүрэн устаагүй, зарим улсууд болон зэвсэгт бүлэглэлүүд ашиглах боломж байсаар байна.  Ямар ч нөхцөлд хэн ч химийн зэвсгийг, аль нэг хэлбэрээр ашиглахыг хориглосон бөгөөд Монгол Улс нь ХЗХК-ийн хэрэгжилтийг хангахад ХЗХБ болон гишүүн орнуудтай бүх талаар үргэлжлүүлэн хамтран ажиллахад бэлэн байна” гэдгийг тэмдэглэн хэлэв.

Химийн зэвсгийг хориглох конвенц 1997 онд хүчин төгөлдөр болж үйлчилж эхэлснээс хойш нийт 192 орон нэгдэн орж, конвенцийг хэрэгжүүлэх байгууллага болох ХЗХБ-ыг Гааг хотноо байгуулсан. Тус байгууллага нь химийн зэвсэггүй ирээдүйн төлөө гэсэн үндсэн уриатайгаар үйл ажиллагаагаа явуулж, өнөөдрийг хүртэл нийт зарлаад байгаа химийн зэвсгийн 96 хувийг бүрэн устгаад байгаа юм. Өнөөдрийн байдлаар конвенцид нэгдээгүй 4 орон (Египет, Хойд Солонгос, Өмнөд Судан, Израиль) байгаагаас Израиль Улс нэгдэхээр гарын үсэг зурсан боловч хараахан баталгаажуулаагүй байна. Уг конвенц нь хэрэгжиж эхэлснээсээ хойш хамгийн амжилттай хэрэгжиж буй олон улсын конвенц бөгөөд үүнийг нь үнэлж 2013 онд ХЗХБ-ыг Нобелийн энх тайвны шагналаар шагнасан юм.