ЭЛЧИН САЙД О.ОЧ ЛЮКСЕМБУРГИЙН ИХ ГҮН ХЭНРИД ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГЭЭ ӨРГӨН БАРИВ

ЭЛЧИН САЙД О.ОЧ ЛЮКСЕМБУРГИЙН ИХ ГҮН ХЭНРИД ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГЭЭ ӨРГӨН БАРИВ

710

2017.12.7

Монгол Улсаас Люксембургийн Их Гүнт Улсад суух Элчин сайдаар шинээр томилогдсон Одын Оч Люксембургийн Их Гүн Хэнрид 2017 оны 12 дугаар сарын 7-ны өдөр Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив. Итгэмжлэх жуух бичиг барих ёслолын ажиллагаа Люксембургийн Их Гүнгийн ордонд болов. Элчин сайд О.Оч Их Гүнд талархал илэрхийлээд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын мэндчилгээг уламжлав.

Ёслолын ажиллагааны дараа Их Гүн Хэнри Элчин сайд О.Очийг ганцаарчлан хүлээн авч уулзаж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцав. Их Гүн Хэнри Монгол Улсын өнөөгийн улс төр, эдийн засгийн байдлын талаар сонирхон асууж, хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах боломжийн талаар ярилцав. Элчин сайд О.Оч Люксембургийн Их Гүнт Улс нь манай улсын Европ дахь чухал түнш болохыг онцлон тэмдэглээд манай улсын ардчилал, зах зээлийн эдийн засагт шилжих үйл явцыг Люксембургийн тал эхнээс нь тууштай дэмжиж, хөгжлийн буцалтгүй тусламж олгож ирсэн нь манай улсын эдийн засагт дорвитой хувь нэмэр оруулсан болохыг дурдав. Мөн Люксембургийн Засгийн газрын буцалтгүй тусламжаар манай улсад хэрэгжиж буй зүрх судасны төвийг бэхжүүлэх, банк санхүүгийн ажилтнуудын чадавхийг сайжруулах төслүүдийг цаашид үргэжлүүлэн хэрэгжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.