ЭЛЧИН САЙД О.ОЧ “АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ХӨГЖИЖ БАЙГАА УЛСУУДЫГ НЭЭХ НЬ” СЭДЭВТ...

ЭЛЧИН САЙД О.ОЧ “АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ХӨГЖИЖ БАЙГАА УЛСУУДЫГ НЭЭХ НЬ” СЭДЭВТ БАГА ХУРАЛД ОРОЛЦОВ

45

2018.12.10

Элчин сайд О.Оч 12 дугаар сарын 10-ны өдөр Брюссель хотноо болсон “Азийн Далайд гарцгүй хөгжиж байгаа улсуудыг нээх нь” сэдэвт бага хуралд оролцов.

lldc 4

Бага хурлыг Улаанбаатар хотноо төвтэй Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын Олон улсын судалгааны төв, Брюссель дэх Ази Судлалын Европын Хүрээлэнтэй хамтран зохион байгуулж Элчин сайд О.Оч, Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төвийн захирал Э.Одбаяр, Холбооны Бүгд Найрамдах Ардчилсан Балба Улсаас Европын Холбоонд суугаа Элчин сайд Лок Бахадур Тапа, Бүгд Найрамдах Узбекистан Улсаас Европын Холбоонд суугаа Элчин сайд Дилиор Хакимов, ЕСБХБ-ны Брюссель дэх төлөөлөгчийн газрын тэргүүн Гилим Жоунс зэрэг албаны хүмүүс илтгэл тавьж Брюссель хотноо үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллага, эрдэмтэн судлаачид оролцов. Бага хурлын гол зорилго нь Улаанбаатар хотноо төвтэй Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын Олон улсын судалгааны төвийн үйл ажиллагааг Европын Холбооны дэргэд үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудад танилцуулахын зэрэгцээ далайд гарцгүй Азийн улсуудын хөгжилд тулгамдаж буй асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэх шинэлэг арга зам, санхүүгийн боломж бололцооны талаар санал солилцох явдал байв.

lldc 2

Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын Олон улсын судалгааны төвийг манай улсын санаачилгаар 2009 онд байгуулж өнөөдрийн байдлаар далайд гарцгүй 13 улс тус судалгааны төвийг үүсгэн байгуулах тухай гэрээнд нэгдэж ороод байгаа билээ. Энэ удаагийн бага хурал нь тус судалгааны төвөөс Ази Судлалын Европын Хүрээлэнтэй хамтран Брюссель хотноо зохион байгуулж буй анхны арга хэмжээ бөгөөд цаашид энэхүү хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж арга хэмжээнүүд зохион байгуулах болно.