НИДЕРЛАНДЫН УТРЕХТ ХОТНОО ОЛОН УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОВ

НИДЕРЛАНДЫН УТРЕХТ ХОТНОО ОЛОН УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОВ

17

2018.1.9

Энэ оны 1 дүгээр сарын 9-14-ний өдрүүдэд Нидерландын Утрехт хотноо болж буй “Vakantiebeurs” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд манай улс анх удаагаа оролцож байна. Энэхүү үзэсгэлэнд манай улсаас “Монгол Хан Экспедишнс” аялал жуулчлалын компани оролцохын зэрэгцээ монгол гэрээ барьж, язгуур урлагийн тоглолт үзүүлж байгаа юм.

Арга хэмжээг нээж Нидерландын Гадаад хэргийн сайд Халбе Зейлстра, Утрехт хотын захирагч Иан ван Занен нар үг хэлэв. Нээлтийн ажиллагаанд Монгол Улсаас Нидерландын Вант Улсад хавсран суугаа Элчин сайд О.Оч оролцсон бөгөөд тэрээр энэхүү арга хэмжээ нь хоёр улсын хооронд аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх, Нидерландаас төдийгүй Европын бусад орноос манай улс руу аялах жуулчдын тоог нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой болохыг онцлон тэмдэглэв.

Энэхүү үзэсгэлэн нь Нидерландын хамгийн том аялал жуулчлалын үзэсгэлэнд тооцогддог бөгөөд 1970 оноос хойш 48 дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Өнгөрсөн оны үзэсгэлэнд 160 гаруй орны 1200 орчим оролцогч оролцож 217 газрын талаар жуулчдад зориулж мэдээлэл өгсөн бөгөөд нийт 121,573 үзэгчид, 19,154 аялал жуулчлал, хэвлэл мэдээллийн байгууллагууд үзэж сонирхсон байна.

Европын Холбооны орнуудаас манай улс руу аялах жуулчдын тоо жилээс жилд өсөн нэмэгдэж буй бөгөөд Нидерланд улс нь үүнд томоохон байр суурь эзэлдэг. Тухайлбал, өнгөрсөн онд манай улсад Нидерландаас 3000 орчим иргэд зорчсон байна.